“Эрдмийн хэлхээ” ахмад, залуу багш нарын уулзалт боллоо

МУБИС-ийн хөгжлийн бодлоготой уялдуулан ахмад багш нарын эрдмийн хэлхээг хөгжүүлэх, залуу багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол судлалын сургуулиас “Эрдмийн хэлхээ” ахмад, залуу багш нарын уулзалтыг 02 сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Боловсрол судлалын сургуульд ажиллаж байсан үе үеийн ахмад багш нар, сурган хүмүүжүүлэгчид,  болон багш хэмээх алдрыг өргөж яваа залуу багш нар оролцсон юм. Тухайлбал, Монгол улсын гавьяат багш Ч.Пүрэвдорж, Ш.Доржпагма, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор С.Батхуяг нарын багш нарын 15 ахмад багш, БоСС-ийн захирал Д.Мөнхжаргал, Хөтөлбөрийн албаны дарга Ж.Шинэбаяр, багш Н.Мөнхцэцэг, А.Баярхүү, Чу.Байгалмаа, Б.Хонгорзул, Г.Галсанжамц нар залуу багш нарын төлөөлөл болон оролцож ахмад багш нарынхаа үнэтэй сургаалыг сонслоо.

Энэхүү уулзалт нь ахмад үеийн багш нараас залуу багш нар туршлага судлах, тэдний ажлын туршлагаас хуваалцах, ахмад багш нараа алдаршуулах, залуу үедээ урам зориг өгөх, тэдний ажлыг үнэлж дүгнэх, ахмад, залуу үеийн багш нарын эргэх холбоог сайжруулах, бэхжүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Уулзалт халуун дулаан болж, ахмад багш нар залуу багш нартаа ажлын арвин туршлагаасаа хуваалцан зөвлөгөө өгч, БоСС-ийн мэргэжлийн долоон тэнхимийн залуу багш нарын судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Мөн уулзалтын үеэр 2023-2024 оны хичээлийн жилд өндөр насны тэтгэвэрт гарч буй таван багшдаа сургуулийн удирдлага, хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм.

Уулзалтын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмад багш нартаа талархал илэрхийлж, та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрч байхыг ерөөе.

 




 












Бусад мэдээ