"Нийгмийн ажлын хөтөлбөрийн шинэчлэл ба хүүхэд хамгаалал" их семинар зохион байгуулагдлаа

Нийгмийн ажлын боловсролын шинэчлэл нь академик түвшний асуудал бус, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх стратегийн өөрчлөлт болох талаар багш, судлаачид байр сууриа илэрхийллээ. Нийгмийн ажлын хөтөлбөрийн шинэчлэл нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт бус, харин нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга зүй, хүний хөгжлийн бодлого, мэргэжлийн үйлчилгээний чанарыг сайжруулах стратегийн ач холбогдолтой өөрчлөлт болохыг судалгааны баг онцгойлон авч үзлээ. Монгол Улсад нийгмийн ажлын боловсрол сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд институцийн хувьд тогтвортой хөгжиж, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа хэдий ч хөтөлбөрийн дизайн, сургалтын агуулга, үнэлгээний тогтолцоог чадвар, үр дүнд суурилсан боловсролын чиг хандлагатай уялдуулах шаардлагатай болохыг Hidden Curriculum Gap шинжилгээн дээр тулгуурлан тодотголоо.

Мөн багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Хүүхэд хамгаалал” хичээлийн шинэчлэгдсэн агуулга нь орчин үеийн боловсролын хэрэгцээ, хүүхэд төвтэй хөгжлийн үзэл баримтлалтай уялдсан цогц шийдэл болж байгааг хөтөлбөр боловсруулж, туршиж буй багш нар дүгнэв. Тус хичээл нь зөвхөн хүүхдийн эрх, хамгааллын онолын мэдлэг олгохоор хязгаарлагдахгүй, харин хүүхдийн эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, хамгааллын хариу арга хэмжээ авах, хөгжлийн дэмжлэг үзүүлэх, аюулгүй бөгөөд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх зэрэг практик чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна. Энэ хүрээнд ирээдүйн багшийг зөвхөн мэдлэг дамжуулагч бус, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмждэг, хамгаалдаг, мэргэжлийн ёс зүйтэй, хүүхэд төвтэй, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн болгон төлөвшүүлэхэд ач холбогдолтой хөтөлбөр хэмээн үнэлж байгаагаа судалгааны баг илэрхийллээ.

Түүнчлэн сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал нь эрсдэл үүссэний дараах хариу арга хэмжээ төдий бус, харин эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах, хөгжлийг дэмжих цогц тогтолцоо байх шаардлагатай асуудал болохыг судлаачид онцлон тэмдэглэлээ.

Бусад мэдээ