“Дижитал үеийн оюутны хөгжил: Асуудал, шийдэл, дэмжлэг” оюутнуудын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Дээд боловсролын салбар 2026-2027 оны хичээлийн жилд дээд боловсролын чанар, үр өгөөж, хүртээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээл болон улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн мэдлэг, ур чадвар, зөв хандлагатай хүний нөөц бэлтгэх зорилго дэвшүүлсэн билээ.

МУБИС нь 2026-2027 оны хичээлийн жилийг “Суралцагчдын хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлалын тэнхим, БХАН, МУҮНС- тай хамтран 2026 оны 11-р сарын 14-нд “Дижитал үеийн оюутны хөгжил: Асуудал, шийдэл, дэмжлэг” сэдвийн хүрээнд их сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хурлын нэгдүгээр үе шатанд МУБИС-ийн салбар ба бүрэлдэхүүний сургуулиуд, Төмөр замын их сургууль, Мандах их сургуулийн нийт 69 оюутны 42 илтгэлийг хүлээн авсан. Эдгээр илтгэлийн 43% нь Хиймэл оюун, дижитал технологийн хэрэглээ, 26% нь Оюутны бие даан ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээний хөгжил, 24% нь Их сургуулийн орчин, сургалтын бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, 7% нь оюутан багшлах дадлага, ажиглалт судалгааны явцад хөгжих боломжийг судалсан байв. Энэхүү нэгдүгээр шатны илтгэлүүдээс 29 оюутны 20 илтгэлийг хоёрдугаар шатанд шалгаруулж, 10 илтгэлийг үндсэн хуралдаанаар хэлэлцэж, 10 илтгэлийг ханын илтгэл байдлаар үзэж танилцлаа.

МУБИС-ийн ЭША-ны дарга дэд профессор Э.Азжаргал, БСС-ийн ХА-ны дарга, доктор Ж.Шинэбаяр, Боловсрол удирдлагын тэнхимийн багш доктор Г.Өлзийсайхан, БС-ын тэнхимийн багш дэд профессор Ч.Байгалмаа, доктор Б. Жигжидсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг илтгэлүүдийг шүүн үнэлж, шалгарууллаа.

Тэргүүн байрыг “Их сургуулийн оюутнуудын бүтээлч санаа гаргах зан үйлийн өөрийн үнэлгээний судалгаа” илтгэлээрээ МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан Ч.Арвинбуян, Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан Э.Мөнхтуул “Оюутнуудын ChatGBT ашиглах мэдлэг, чадварын өөрийн үнэлгээ ба даалгаврын гүйцэтгэлийн хамаарлын шинжилгээ” илтгэлээрээ хоёрдугаар байранд, гуравдугаар байранд МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан Б.Будгэрэл “Greencomp-д тулгуурлан оюутнуудын “Ногоон чадвар”-ыг үнэлсэн үр дүн” илтгэлээрээ тус тус шалгарсан.

МУБИС-ийн БСС-ин Боловсрол судлал 4-р дамжааны оюутан С.Ариунжаргал “Оюутнуудын генератив хиймэл оюун ухаан (Gen AI)-ы хэрэглээ ба бие даах ажлын гүйцэтгэлийн хамаарлын шинжилгээ” сэдэвт илтгэлээрээ, МУБИС-НХУС нийгмийн ухааны багш 3-р дамжааны оюутан Л.Тэргэлсар, Л.Март нар “МУБИС-ийн нийгмийн ухааны багшийн ангийн оюутнуудын бие даан суралцах чадвар ба хиймэл оюун ухааны хэрэглээний хамаарал” сэдэвт илтгэлээрээ тусгай байр тус тус эзэлж, өргөмжлөл, БХАН-ийн номын багц, МУҮНС-ийн дурсгалын зүйлээр шагнууллаа.

МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан М.Бөртэ, М.Баянжаргал нар “Их сургуулийн зөвлөх багшийн оюутанд үзүүлж буй дэмжлэг” (МУБИС-ийн жишээн дээр), МУБИС-БОСС сэтгэл судлалын тэнхим, 4-р дамжааны оюутан Б.Ажар “Оюутны академик өөртөө итгэх итгэл ба мета танин мэдэхүйн мэдлэг, чадвар хоорондын хамаарал: Generative хиймэл оюун ухаанд хамааралтай байдлын үзүүлэх нөлөө” сэдэвт ханын илтгэлээрээ тусгай байр тус тус эзэлж, өргөмжлөл, БХАН-ийн номын багц, МУҮНС-ийн дурсгалын зүйлээр шагнууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар шатанд шалгарч, илтгэлээ хэлэлцүүлсэн МУБИС, ТЗИС-ийн оюутнуудыг дэмжин тусалж, хамтран ажилласан багш нарт МУБИС-ийн БСС-ийн захиргаанаас Талархал хүргүүлэв.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахад МУБИС-ийн БСС-ийн захиргаа, БХАН, МУҮНС дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан болно. Мөн МУБИС-ийн НХУС, МБУС, Багшийн сургууль, СӨБС, Архангай дахь БС, Төмөр замын их сургууль, Мандах их сургууль оюутнуудаа эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Бусад мэдээ