Боловсролын удирдлагын тэнхим нь Монгол улсад боловсролын удирдлагын магистрын сургалтын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж эхэлсэн 20 жилийн түүхтэй ууган тэнхим юм.
1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Ерөнхий боловсролын сургууль завсардалт, багш нарын ажил орхилт, нөгөө талаас их дээд сургуульд хамрагдалтын тоо огцом өсч, хувийн болон улсын сургуулиуд зэрэгцэн орших болсноор боловсролын байгууллагын чиг үүрэг, боловсролын үйлчилгээний агуулга, аргазүй, хэлбэр, боловсролын удирдлагын системийг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан. Зах зээлийн нөхцөлд ажиллах менежементийн чадавхи бүхий мэргэжилтэн хэрэгтэй болсон. Иймд боловсролын удирдлагын мэргэшлээр магистрантур, докторантур нээх асуудлыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд тавьснаар сайдын 2002 оны 58 дугаар тушаалаар Боловсролын удирдахуйн ухааны тэнхимийг МУБИС тухайн үеийн Улсын багшийн их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирлын ажлын албанд байгуулж Боловсролын удирдахуйн ухааны чиглэлээр магистр, докторын болон боловсролын удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах зөвшөөрөл олгосон. Анхны эрхлэгчээр шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж томилогдон ажилласан.
Өнөөдөр тус тэнхимд доктор, дэд профессор Д.Наранчимэг, доктор Г. Өлзийсайхан доктор А.Туяа, доктор Сүхболд нар үндсэн багшаар ажилладгаас гадна МУБИС-ийн бусад тэнхим болон бусад их сургуулиудын шилдэг эрдэмтэд баг бүрдүүлэн Боловсролын удирдлагын магистр, докторын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Бид хөтөлбөрөөрөө бүх шатны боловсролын байгууллагын хөгжлийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн дээр үйл ажиллагааг захиргааны удирдлагаар хангах; боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай онолын болон практик мэдлэг чадвартай, олон ургальч үзэл, шинжлэх ухаанч хандлагатай боловсролын удирдах ажилтан, судлаач бэлтгэнэ. БУ-ын онолын болон практик, мэдлэг, чадвар Боловсролын судалгааны аргазүй, олон ургальч үзэл, шинжлэх ухаанч хандлагатай төгсөгчдийг бэлтгэхийг эрмэлздэг.
Магистрантурт өдөр, эчнээгээр суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж 2023 оны байдлаар 2800 орчим хүн “Боловсролын удирдлага”-ын магистрын зэрэг хамгаалжээ. Сүүлийн 5 жилийн дундажаар жилд 102 оюутан элсэж 69 оюутан төгсчээ.
Тус тэнхим нь мөн докторын түвшний сургалтыг санал болгож байна. Энэхүү хөтөлбөр нь өндөр түвшний судалгаа шинжилгээ, манлайллын ур чадварыг хөгжүүлэх, төгсөгчдийг эрдэм шинжилгээний нийгэмлэг болон боловсролын өргөн салбарт томоохон хувь нэмэр оруулахад бэлтгэх зорилготой юм. Докторын оюутнууд боловсролын бодлого, манлайлал, менежментийн практикт цогц асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн онолын гүнзгий, нарийн судалгаа хийдэг. Энэхүү боломж нь оюутнуудын хувийн болон мэргэжлийн өсөлтөд хувь нэмрээ оруулаад зогсохгүй, тулгамдаж буй сорилтод шинэлэг шийдлүүдийг гаргаж, боловсролын ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
|
|
|
|
|
|