Америкийн Нэгдсэн Улсын Окландийн их сургуулийн профессор Барбара Оакли БШУЯамны урилгаар Монгол Улсад айлчилж, төрийн зарим их сургуулиудад ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар хүлээн авч уулзан МУБИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ үеэр профессор Барбара Оаклид МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт доктор” цол хүртээснийг МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд гардуулж, баяр хүргэлээ.
Хүндэт доктор цол хүртсэн профессор Барбара Оакли МУБИС-ийн багш, оюутнуудад зориулан “Идэвхитэй суралцахуй, багшлахуй” сэдэвт лекц уншиж, цаашид суралцахуйд сурахуй, нейросайнсийн туршилт судалгаа, багшлахуйн чиглэлээр онлайн курс хичээллүүлэх зэргээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Профессор Барбара Оакли нь монгол хэлнээ орчуулагдсан “Шимтэн сурахуй” номын зохиогч бөгөөд олон арван нээлттэй цахим хичээлийг заадаг, суралцахуйн ур чадвар, ойлголтыг эзэмшихэд тулгардаг саад бэрхшээлийг өөрийн биеэр давж туулсан нэрт эрдэмтэн юм.
Боловсрол судлалын сургуулийн Эрдмийн зөвлөл