МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимээс зохион явуулдаг “Багшлах мэргэжил”-ийн сертификатын сургалтыг ҮБХИС-тай хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь ҮБХИС-д багшлахаар ирж буй мэргэжилтнүүдийг бэлтгэх, багш нарын багшлах ур чадвар, арга зүйг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд сургалт нь зөвхөн Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний хэрэгцээнд тулгуурлана гэдгээр онцлогтой.
Хамтран зохион байгуулах сургалтын санаачилгыг ҮБХИС-иас гаргасан бөгөөд гэрээ байгуулах үйл ажиллагаанд МУБИС-ийг ректор, профессор Ж.Батбаатар, Боловсрол судлалын сургуулийн хөтөлбөрийн албаны дарга Ж.Шинэбаяр, МУБИС-ийн сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн проректор М.Соронзон, Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч Д.Үүрийнтуяа, арга зүйч Б.Хажидмаа нар оролцсон юм. Харин ҮБХИС-ийг төлөөлж сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, бригадын генерал С.Дашзэвэг, багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дарга, доктор Г.Нандинцэцэг, ахлах мэргэжилтэн Ү.Дэлгэрсуурь зэрэг албаны хүмүүс оролцов.
Ташрамд дуулгахад “Багшлах мэргэжил”-ийн сертификатын сургалтад гадаад, дотоодын их, дээд сургуулийг багш бус мэргэжлээр төгссөн, цаашид Их, дээд сургууль, МСҮТ, коллежид багшлах хүсэлтэй, магистраас дээш зэрэгтэй хүн болон одоо ажиллаж буй хүмүүс хамрагдах боломжтой.