Түүхэн товчоо
1951 он Монгол Улсын боловсролын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн МУБИС анх Улсын Багшийн Институт (УБИ) нэртэй байгуулагдаж, улмаар ректорын 1951 оны 12-р сарын 10-ны өдрийн тушаалаар долоон кабинет байгуулсны нэг нь сурган хүмүүжүүлэх ухааны кабинет юм. Энэ бол эдүгээгийн Боловсрол Судлалын сургууль үүсэл хөгжлийн үндэс суурь нь байлаа.
1951-1957 он Монголын нэрт сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн Т.Машлай Улсын Багшийн Институтийн ректор байх үедээ 1951-1954 онд сурган, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчийн ажлыг хавсарч хийж байжээ. Мөн тэрээр төрийн удирдах хүндтэй албуудыг давхар хашиж байгаад улмаар тэнхимийн эрхлэгчээр 1979 он хүртэл ажиллаж, УБДС-ийн гол түшиц тэнхимийг багшлах боловсон хүчин, сургалт-эрдэм шинжилгээний талаар бэхжүүлэхэд ихээхэн хувь оруулсан байна. Улсын Багшийн Институт (УБИ)-ийг бүрэн дээд боловсролтой багш нарыг бэлтгэх УБДС болгон зохион байгуулах ажлыг тэр үед Гэгээрлийн Яамны сайдын 1957 оны 9 дүгээр сарын 24-ний 225 тоот тушаалаар шийдвэрлэж СХУ-ны тэнхимийг байгуулан эрхлэгчээр нь Ш.Маамхүүг томилон 3 багштайгаар ажиллаж эхэлжээ.
1983 он хүртэл сурган болон сэтгэл судлалын сургалтыг нэг тэнхим хариуцан явуулж, улмаар тусгаар сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын зэрэг тэнхимүүд байгуулагдсанаар хоёр тэнхим хөгжжээ.Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгчээр Т.Машлай (1951-1954), Ш.Маамхүү (1954-1959), Ж.Цэвээнсүрэн (1959-1964), Ц.Оюун (1964-1966), Д.Санжжав (1966-1983), А.Загдаа (1983-1988), Ж.Батдэлгэр (1988-1989), Б.Даваасүрэн (1990-1996), С.Батхуяг (1996-2006), Ч.Пүрэвдорж орлогч эрхлэгчээр С.Эрдэнэцэцэг (2006- 2010), Ч.Байгалмаа (2011-2014), Г.Баярмаа (2014-оноос одоог хүртэл) нар тус тус ажилласан байна. Тус тэнхим нь 1962 -1968 онд бага ангийн сурган, арга зүйч, 1969-1992 онд Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжүүлэгч мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байжээ.
Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Д.Санжжав 1992 он хүртэл, дэд доктор, дэд профессор Л.Уранцэцэг (1992-1997), дэд доктор О.Мягмар (1997-2011), доктор (Ph.D), профессор Б.Туяа (2011-2021), доктор Г.Галсанжамц (2021.09 сараас одоог хүртэл) нар тус тус ажиллажээ. Тус тэнхим 1997 оноос сэтгэл судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна.
1989-1990 он хоёр тэнхимийг дахин нийлүүлж, тэнхимийн эрхлэгчээр профессор Д.Санжжавыг ажиллуулжээ. 1990 оны 288 тоот тушаалаар дахин салгаж СХУ тэнхимийн эрхлэгчээр Б.Даваасүрэн, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчээр Д.Санжжавыг тус тус томилсон байна. Тэнхимүүд 1991 онд Сурган хүмүүжүүх ухааны факультет, 1993 оноос Сурган хүмүүжүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний төвд харьяалагдаж факультет, төвийн хэмжээнд үйл ажиллагаа нь өргөжиж улмаар ректорын 1997 оны 212 тоот тушаалаар Сурган сэтгэл судлалын бие даасан төв болж захирал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгчээр С.Батхуяг хавсран ажиллаж байжээ.
Тухайн үеийн багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэг бүхий Боловсрол судлалын үндэсний хүрээлэн нь 1997 оноос УБИС-ийн бүрэлдэхүүнд орж, тус сургууль Боловсролын хөгжлийн сургууль болж, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, сэтгэл судлалын тэнхим, нийгмийн ажлын сургалт судалгаа аргазүйн төв, багш нарын мэргэжил дээшлүүлэх төв гэсэн бүрэлдэхүүнтэй болон өргөжсөн.
1997 он Боловсролын хөгжлийн сургуульд нийгмийн ажлын төв байгууллагдаж, эрхлэгчээр сэтгэл судлалын дэд эрдэмтэн Ц.Нацагдолгор ажиллаж, нийгмийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 1999 оны 7-р сард Нийгмийн ажлын төв тэнхимийн зохион байгуулалтад орж эрхлэгчээр магистр Х.Өлзийтунгалаг, 2007 оноос доктор (Ph.D), дэд профессор Т.Цэндсүрэн ажиллаж байна. 1991-1995, 1997-1999 онд Боловсролын Хөгжлийн сургуулийн захирлаар МУБИС-ийн захирал асан академич, Монгол улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор Б.Жадамба, (1995-1997), Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Н.Жадамба (1999-2000) нар захирлаар ажиллаж сургалт, эрдэм шинжилгээ, аргазүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Тус сургуульд Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан олон арван эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байсан нь эдүгээ МУБИС-ийн гол түшиц сургууль болон хөгжих үндэс нь болсон юм. Тухайлбал: Гэгээрлийн яамны сайдын алба хашиж байсан сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн Т.Машлай, Ардын Боловсролын Яамны сайд, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Даваасүрэн, Ардын боловсролын яамны дэд сайд, шинжлэх ухааны доктор Л.Шагдарсүрэн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжав, дэд эрдэмтэн, доцент А.Загдаа, Ц.Оюун, сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн, доцент Ш.Чүлтэмжамц, доктор, профессор С.Баясгалан, доцент Ц.Нина, Ц.Готов, Шинжлэх ухааны доктор, профессор А.Жамц, С.Батхуяг, доктор профессор Ц.Сумъяа, П.Цэрэндондов. О.Мягмар, дэд профессор Б.Энхжаргал нарын олон хүнийг нэрлэж болно. Түүнчлэн Зөвлөлтийн мэргэжилтэн Н.В.Савин, А.Т.Гапон, А.М.Раевский, Н.П.Совельев, А.А.Лобанов, Т.А.Куликова нар уригдан ажиллаж, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын сургалтад ихээхэн туслалцаа үзүүлжээ.
2001 оноос эхлэн Боловсрол судлалын сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд 20 гаруй жил болж байна. МУБИС-ийн ректорын 2001 оны 359 тоот тушаалаар тус сургуулийн захирлаар доктор, профессор Ц.Сумъяа (2001-2013 он), доктор Д.Мандах (2013-2014 он), Г.Цогзолмаа (2014-2022) онуудад тус тус ажилласан байна. Мөн 2022 оны 07 дугаар сараас Боловсролын судлалын сургуулийн захирлаар Д.Мөнхжаргал томилогдон ажиллаж байна.