МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохиодог сэтгэл судлаач оюутны эрдэм шинжилгээний хурал энэ жил “СЭТГЭЛ СУДЛАЛЫН ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ” сэдвийн хүрээнд 2024.04.25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлыг ССАЗТ-ийн эрхлэгч, доктор Г.Галсанжамц үг хэлэн нээж эхлүүлсэн ба энэ жил зочин илтгэгчээр МУБИС-ийн БоСС-ийн захирал Д.Мөнхжаргал “Хандлага түүний өөрчлөлт”, МУБИС-ийн БоСС-ийн ССАЗТ-ийн багш дэд проф. Д.Дэлгэрмаа “Мэргэжлийн сэтгэл зүйчид байх зайлшгүй чадварууд” сэдвүүдээр тус тус сонирхолтой илтгэлүүд тавьж оролцлоо.
Тус хурлыг “Сэтгэл судлал”-ын мэргэжлээр их, дээд сургуулиудад суралцаж буй сэтгэл судлаач оюутнууд мэргэжлийн хичээлүүдээрээ эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэгжүүлж байгаа байдал, сэтгэл зүйн зөвлөгөө, туршилт, судалгаа, оношилгооны чиглэлээр хийсэн ажлуудынхаа үр дүнг бусдад танилцуулж мэдлэг, туршлагаа хуваалцах, цаашид хамтран ажиллах боломжийг оюутнуудад олгох зорилгоор зохион байгуулдаг юм.
Энэ удаагийн ээлжит хуралд МУБИС, МУИС, ХИС, ОТИС зэрэг олон сургуулийн оюутан залуус илтгэлээ хэлэлцүүлж, мэдлэг туршлагаа хуваалцлаа. Илтгэлээ хэлэлцүүлсэн бүтээлч бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.