МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлал, аргазүйн тэнхим, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран багш бэлтгэх их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бага хурлыг “Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх арга зам, боломж” сэдвийн хүрээнд 2023 оны 11 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Бага хурлын нэгдүгээр шатанд МУБИС, МУИС, ИЗОУИС (Их засаг олон улсын их сургууль), Шихихутуг Их Сургууль, СЭЗИС (Санхүү Эдийн Засаг Их сургууль, Багшийн сургууль), ГУИС (Глобал Удирдагч Их сургууль) зэрэг зургаан их сургуулийн 51 оюутны 35 илтгэл ирснээс 25 илтгэлийг шалгаруулан хоёрдугаар шатанд хэлэлцлээ. Эдгээрээс шилдэг 15 илтгэлийг үндсэн хуралдаанд сонсож хэлэлцэн, удаах арван илтгэлийг ханын илтгэлд хэлэлцүүлэн танилцсан юм.
БСС-ийн БСАЗ тэнхимийн эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн баг илтгэлүүдийг шүүн үнэлж, тэргүүн, дэд, гутгаар байранд гурван илтгэгч, тусгай байранд дөрвөн илтгэлийг тус тус шалгарууллаа.
Тэргүүн байрыг “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг судалсан нь” илтгэлээрээ МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Ц.Наранцэцэг эзэлж, өргөмжлөл 300, 000 төгрөгөөр шагнуулав. Мөн МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Э.Аззаяа, А.Мөнгөнтуяа нар “Боловсролын эрх зүйн орчинд багш ажлын байрандаа хөгжих боломж, тусгагдсан байдал түүний хэрэгжилт” илтгэлээрээ хоёрдугаар байранд шалгарч өргөмжлөл, 200,000 төгрөгөөр шагнууллаа. Гуравдугаар байранд МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан С.Сэлэнгэсайхан, Э.Болортунгалаг нар “Боловсролын ерөнхий хуулийн зорилго болон багшийн гүйцэтгэх үүргийн заалтуудад дүн шинжилгээ хийсэн нь” илтгэлээрээ шалгарч өргөмжлөл, 100, 000 төгрөгийн шагнал хүртэв.
МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Д.Мөнхтуяа, Б.Цэвэлмаа нар “Боловсролын ерөнхий хуулийн үзэл санааг шинжилсэн нь” хамтарсан илтгэлээрээ, Шихихутуг Их Сургуулийн 4-р курсийн оюутан Б.Өнөрзаяа, ИЗОУИС (Их засаг олон улсын их сургууль)-ийн оюутан А.Бямбадалай нар “Боловсролын багц хуулиудад сонсголын бэрхшээлтэй суралцагчдад чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлсэн байдал” сэдэвт хамтарсан илтгэлээрээ, МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан А.Хонгорзул “Монгол улсын хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийг шинжилсэн нь” ханын илтгэлээрээ, МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Б.Төмөртогоо, Б.Мядагмаа нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших эрх ба хууль эрх зүйн орчин” ханын илтгэлээрээ тусгай байр эзэлж, өргөмжлөл, БХАН (Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг)- ийн нэрэмжит шагналыг хүртэцгээв.
Хуралд оролцогчид өнгөрсөн жилүүдийн хуралд оролцож, байр эзэлж байсан, МУБИС-ийн төгсөгчидтэй уулзаж ярилцав. МУБИС-ийн НХУС-ийн төгсөгч, нийслэлийн 31-р сургуулийн нийгмийн ухааны багш Б.Ангирмаа, мөн сургуулийн төгсөгч IRIM-ийн судлаач П.Цэдэн-Иш, МУБИС-ийн БСС-ийн төгсөгч, Залуу судлаачдыг дэмжих сангийн төслийн ажилтан Б.Амартогтох, мөн сургуулийн төгсөгч, “Нэг бүс, нэг зам” академийн ажилтан Б.Болормаа нар уг эрдэм шинжилгээний хуралд оюутан байхдаа оролцож байсан дурсамжаа хуваалцаж, оюутан дүү нартаа судалгааны ажлын арга зүйд суралцах, судалгааны шинэ технологийг хэрэглэж сурах талаар зөвлөгөө өгөв.
Зохион байгуулагчдын зүгээс оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжиж, өргөнөөр оролцуулсан МУБИС-ийн БСС, МБУС, НХУС, БС, МУИС, ИЗОУИС, Шихихутуг ИС, СЭЗИС-ийн БС-ийн захиргаа, эрдэмтэн багш нарт талархал илэрхийлсэн юм. Мөн хурал зохион байгуулах бэлтгэл ажилд хичээнгүйлэн тусалсан БСАЗ-н тэнхимийн багш нар, Боловсрол судлалын 3-р ангийн оюутнууддаа талархснаа илэрхийллээ.