МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн дэргэдэх Боловсролын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй MONEUL "Европ судлал - дижитал хүртээмжтэй суралцахуй" 2024-2027 төсөл хэрэгжиж байна. Уг төсөл нь багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, ЕХ-ны түүх, соёл, нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр дижитал хүртээмжтэй сургалтын материал, онлайн эх сурвалж бий болгох, багш оюутнуудын дижитал ур чадварыг хөгжүүлэх зорилготой.
Өнөөдөр MONEUL төслийн хүрээнд нийгмийн ухааны салбарын олон улсад шилдэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг ном, гарын авлагыг мөн 2021-2024 онд хэрэгжсэн ЭРАСМУС “Тэгш хамруулах багшийн боловсрол” төслөөс боловсруулан гарын авлага, сурах бичгийг МУБИС-ийн номын санд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү төслийн ивээн тэтгэгч ЕХ-ны ЭРАСМУС байгууллага, төслийн багийн хамт олонд талархал илэрхийлье!