ТҮҮХЭН ЗАМНАЛААС

МУБИС нь хөгжлийнхөө бүхий л үе шатанд тусгай хэрэгцээт, интеграцчилсан сургалт, тэгш хамруулан сургах боловсролын үзэл санааг дэмжин боловсролын салбарт түгээн дэлгэрүүлэх, сургалтын төлөвлөгөө хөтөлбөр боловсруулах, хичээлийн агуулгад тусгаж шинэчлэл хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх ангийг шинээр нээх зэрэг санаачилга гарган идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.2013 онд “ Багш боловсролын шинэчлэл”- ийн хүрээнд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр тусгай хэрэгцээт боловсролын багш (цаашид ТХББ) бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах багийг (доктор Ph.D, дэд проф. Ц.Баттуяа ахлагчтай, доктор Ph.D, дэд проф. Г.Батцэнгэл, доктор Ph.D, дэд проф. Б.Одгэрэл,  доктор Ph.D, дэд проф Д.Баяраа,  доктор Ph.D Ч.Байгалмаа нарын гишүүнтэй) байгуулан улмаар 2013 оны 10 сараас ТХББ- ийн (D140300) кодтой 1 жилийн хөрвөх сургалтын үйл ажиллагааг “ Боловсрол судлалын төв”- ийн дэргэд   46 оюутан, 2 ангитайгаар нээн хичээллүүлсэн.

ТХББ- ийн 1 жилийн хөрвөх сургалт (D140300)-ын хөтөлбөрийг гүнзгийрүүлэн  улмаар 2015 оноос 3,5 жилийн бакалаврын (D011406) кодтой сургалтын хөтөлбөрийг 13 оюутантай өөрийн орны үндэсний мэргэжилтэн багш, эрдэмтдийн тусламжтайгаар эхлүүлэн өнөөгийг хүртэл сургалтын үйл ажиллагааг явуулж байна.  

Өнгөрсөн хугацаанд 1 жилийн хөрвөх сургалтаар 113 багш, 3,5 жилийн бакалаврын сургалтаар 44 оюутан, үүнээс сонсголын бэрхшээлтэй 16 оюутан тус тус төгссөн. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 86,3 хувьтай, 2021-2022 оны хичээлийн жилийн байдлаар ТХББ-ийн 1- 4 дүгээр ангид нийт 59 оюутан суралцаж байна.

ТХББ бэлтгэх үйл ажиллагааг 2014- 2015оны хичээлийн жилээс эхлэн 2017- 2018 оны хичээлийн жил хүртэл Насан туршийн боловсролын тэнхимийн (тэнхимийн эрхлэгч доктор Ph.D, дэд проф С.Эрдэнэцэцэцэг) харьяанд явуулж ирсэн. 2017 оны 12 сард БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУБИС-ийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/284 тоот тушаалаар  Боловсрол судлалын сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийг 3 үндсэн багштайгаар (тэнхимийн эрхлэгч дэд.проф доктор Ph.D Г.Батцэнгэл, ахлах багш доктор Ph.D, Ч.Байгалмаа, докторант Б.Золзаяа ) байгуулсан.

2018 онд ТХББ-ийн хөтөлбөрийг гүнзгийрүүлэн мэргэшүүлэх зорилгоор төгсөгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Хэл заслын үндэс” 3кредитийн нэмэлт сургалтын хөтөлбөр шинээр боловсруулан 28 багшид сертификатын сургалт явуулж мэргэшүүлсэн.

БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр “Хэл яриа, харилцааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтыг ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хэл заслын профессор багштай хамтран зохион байгуулсан нь тусгай хэрэгцээт боловсролын гүнзгийрүүлсэн мэргэшлийн шинэ эхлэл болсон.

Японы Хёгогийн боловсролын их сургуулийн профессор багш нартай хамтран “ Тусгай хэрэгцээт боловсрол” сэдэвт 5 удаагийн  сургалтыг явуулж, мэргэжлийн үндсэн сурах бичиг боловсруулан сургалтад ашиглаж байна. 

2019-2020 оны хичээлийн жилээс Тусгай хэрэгцээт боловсролын магистрын сургалтыг эхлүүлж өдөр, эчнээ ангид нийт 6 магистрант суралцаж байна.

Тус тэнхимийн багш нар 2015-2016 оны хичээлийн жилээс “Тусгай хэрэгцээт боловсролын үндэс “ 2 кредитийн  сонгон судлах хичээлийг багш мэргэжлийн суурийн сургалтын төлөвлөгөөнд тусгаж, сургалт явуулж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн онцлогийн  талаар нийт 1972 оюутан судалсан сонгон судлах оюутны тоо жил бүр нэмэгдэжбайна. 

ТХБ-ын эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэхийн тулд багш, судлаачдын (2 удаа) болон оюутны эрдэм шинжилгээний хурлыг (3 удаа) зохион байгуулж, 2018 онд “ Тусгай хэрэгцээт боловсролын багш, онол, практикийн асуудлууд”, 2021 онд “Тэгш хамруулах ба тусгай хэрэгцээт боловсролын бодлого, практик үйл ажиллагаа” сэдэвт ЭШХ-ын эмхэтгэлийг хэвлүүлж сургалтын үйл ажиллагаа, багшийн хөгжлийг дэмжин ажиллаж байна.

2018-2020 онд БСШУСЯ, АХБ- ны “Дээд боловсролын шинэчлэл“ төсөл, НҮБ - ын   Хүүхдийн сан, НҮБ - ын   Хүн амын сан зэрэг олон улсын байгууллага болон яамны   дэмжлэгтэйгээр дараах чиглэлийн 10 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Үүнд: сургалтын орчныг сайжруулах, багш нар болон оюутнуудыг чадавхжуулах,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, ажиллах арга зүй боловсруулан ажиллах орчин нөхцөл бүхий  лаборатори шинээр байгуулах, англи хэл дээр мэргэжлийн орчин үеийн сурах бичиг, гарын авлага худалдан авах, “Дохионы хэл”, “Брайль үсэг“- ийн сургагч багшийн модуль боловсруулан мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, тэнхимийн багш нар “Суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн зөвлөмж” (доктор Ph.D, дэд проф Г.Батцэнгэл), “ Сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлийн эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн зөвлөмж” (доктор Ph.D,Ч.Байгалмаа),“ Харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн зөвлөмж” ( докторант Б.Золзаяа), боловсруулан хэвлүүлэх,“Харааны бэрхшээлтэй хүнд хөтөч хийх” (докторант Б.Золзаяа) гарын авлагыг япон хэлнээс орчуулан крилл, брайль үсгээр анх удаа хэвлүүлж сургалтад ашиглах зэрэг үр бүтээлтэй олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

 “Багш,  тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр”- ийг 2020 оны 6 дугаар сард Хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн хурлаар 2025 он хүртэл 5 жилийн хугацаатай амжилттай магадлан итгэмжлүүлсэн.

Тэнхимийн хамт олон, Монгол Улсын дээд боловролын болон багш бэлтгэх ажлын шинэ чиглэл болох боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах сургалтын онол, арга зүйг боловсруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх, хүмүүнлэг энэрэнгүй багш мэргэжилтнийг бэлтгэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байна.   

Багшийн товч танилцуулга

    ГЭЛЭНГИЙН БАТЦЭНГЭЛ

    Цол зэрэг:
    ДЭД ПРОФЕССОР

      ЧУЛУУНБААТАРЫН БАЙГАЛМАА

      Цол зэрэг:
      ДОКТОР

        Б.ЗОЛЗАЯА

        Албан тушаал:
        Багш