Сэтгэл судлаач шилдэг илтгэгч магистрант, докторант шалгарлаа

Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг СЭТГЭЛ СУДЛААЧ МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ-ын Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр хөтөлбөрийн дагуу цахимаар амжилттай зохион байгуулагдаж шилдэг илтгэгч нараа тодруулав. 2022 оны шилдэг илтгэгч магистрант, докторантаар Тэргүүн байрт С.Хулан (Элсэн сэтгэц заслын тухай онолын үзэл баримтлал ), Дэд байрт С.Зоригт (Тамирчдын тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах туршилт судалгаа (Таеквондогийн шигшээ багийн тамирчдын жишээн дээр), Гутгаар байрт Уяхан (Монгол болон БНХАУ-ын Монгол үндэстэн хүүхдийн нийгэмших үйл явцад нөлөөлөх зарим хүчин зүйлс), Тусгай байрт Б.Энхмаа (Стрессийг даван туулах чадвар ба бие хүний хэв шинжийн хамаарлыг судалсан нь (цагдаагийн албан хаагчдын жишээн дээр)) нар тус тус шалгарав. Эрдэм шинжилгээний хурлыг нээж БоСС-ийн захирал дэд проф.Г.Цогзолмаа оролцогчдод талархал илэрхийлж амжилт хүссэн бол Сэтгэл судлалын тэнхимийн профессор багш доктор О.Мягмар "Багш мэргэжилд хандах хандлагын онол, арга зүйн асуудалд" сэдвээр, багш доктор профессор Б.Туяа "Багш мэргэжлийн ангийн оюутнуудын хандлагыг үнэлэх аргачлалын сэтгэц хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тодорхойлсон нь" сэдвээр тус тус үндсэн илтгэлийг хэлэлцүүлэв. Хурлыг Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Галсанжамц удирдан чиглүүлж, тэнхимийн эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүлсэн магистрант, докторантуудад асуулт тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцсноор энэ удаагийн хурал амжилттай өндөрлөлөө. Уламжлалт эрдэм шинжилгээний хуралдаа идэвхтэй оролцон сэтгэл судлалын өргөн хүрээний тулгамдсан асуудлаар сонирхолтой илтгэлээ хэлэлцүүлсэн болон шилдэгээр шалгарсан бүх илтгэгч нартаа эрдэмтэн багш нарын өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэн цаашдынх нь эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. Хурлын амжилттай зохион байгуулсан ССАЗ-н тэнхимийн хамт олон болон доктор Э.Октябрьжаргал багшдаа гүн талархал илэрхийлье.