ЭРАСМУС байгууллагын санхүүжилттэй хэрэгжүүлж буй" Тэгш хамруулах багшийн боловсрол" төсөл 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Төсөл нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг “Тэгш хамруулах боловсрол”-ын үзэл баримтлал, онол, практикийн агуулгаар баяжуулах, шинэчлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ. МУБИС, МУИС-ийн салбар Ховд болон Дорнод сургуулийн нийт 22 багш, ажилтан Польш улсын Беластокийн их сургуульд сургалт, семинарт хамрагдаж байна.
Сургалтад оролцогчдыг Беластокийн боловсролын сургуулийн захирал проф Мирослав Собики тэргүүтэй удирдлага хүлээн авч, сургуулийн талаар товч мэдээлэл хийв. Барселонийн их сургуулийн профессор Жеоргета Ион “Тэгш хамруулах сургууль дахь нотолгоонд суурилсан сургалт” сэдвээр онлайн лекц, Беластокийн их сургуулийн профессор Марта Ковалчук “Тусгай хэрэгцээт боловсролд” семинар зохион байгуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Багш нар сургуулийн номын сан, сургалтын орчинтой танилцаж, тусгай хэрэгцээт боловсролд хамрагдаж буй оюутнуудад чиглэсэн үйлчилгээний талаар харилцан мэдээлэл солилцож, өөрсдийн туршлага, сургалтаас хүлээж буй үр дүн, сурсан зүйлээ цаашид практик үйл ажиллагаандаа хэрхэн хэрэглэх талаар хамтын хэлэлцүүлэг өрнүүлж, нээлттэй ярилцлаа.
Сургалтад оролцогчид “Пролог” цэцэрлэг, “Фэйри Тэйл” бага сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд дээрх байгууллагууд хүүхдийн тусгах хэрэгцээг ханган тохиргоо хийхэд анхаарч, тэдний сурах, хөгжих таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна. Польш улсад тусгай хэрэгцээт хүүхдийг сургах, нийгэмших үйл ажиллагааг сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсролд уялдаатай авч үзэн, төгсөгчдийг ажлын байраар ханган ажиллахад анхааран, системтэйгээр дэмжих тогтолцоо хэрэгжиж байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт сургуулийг төгссөн төгсөгчдийг ажлын байраар хангах талаар төр төдийгүй хувь хүн, байгууллагын санаачлага, оролцоо нэмэгджээ. Тухайлбал, ажлын байрыг дэмжих “СОВА” төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэдний нийгмийн оролцоог дэмжих, туслах чиглэлээр бодит үйл ажиллагаа явуулж байна. Польш улсаас тусгай хэрэгцээт сурагчдыг тэгш хамруулан сургахад ихээхэн анхаарч, сургуулиудад зарцуулах санхүүжилт жил бүр өссөн байна.