МБУС-ийн Дидактикийн тэнхимээс цахим их семинар зохион байгууллаа

МБУС-ийн Дидактикийн тэнхимээс “ЦАХИМ СУРГАЛТ БА ЦАХИМ СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ" сэдэвт цахим их семинарыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн их семинарт ХБНГУ-ын Кемниц хотын Техникийн их сургуулийн судлаач багш Т.Уранчимэг /ШУТИС-ийн багш доктор (Sc.D), профессор/ онлайнаар холбогдон дараах агуулгаар сонирхолтой илтгэлээ оролцогчдод сонсгон сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж тайлбар өгөв. Илтгэлийн агуулгад:
Цахим сургалтын чанар ямар хүчин зүйлүүдээс хамаарах вэ?
Цахим сургалтын ямар хэлбэрүүд байдаг вэ?
Цахим сургалтын хөгжил хэтийн төлөв яах бол?
Тэнхимийн сургалтыг цахим сургалт гүйцэх үү?
Цахим сургалтын чанарын үнэлгээ
Цахим сургалтад зориулсан үнэлгээний SURE загвар зэрэг багтав. Өнөөдрийн 14.00 цагаас эхэлсэн тус их семинар нь Teams-ээр зохион байгуулагдаж ЗСА-ны цахим хуудсаар шууд олон нийтэд хүрсэн нь онцлог их семинар болсон юм. Түүнчлэн их семинар нээлттэй явагдаж сонирхсон бүх мэргэжлийн багш, магистрант, докторантууд оролцох боломжийг олгосон ач холбогдолтой их семинар байлаа. Ингээд их семинарт цаг үеийн тулгамдсан сэдвээр өндөр үр дүнтэй, сонирхолтой илтгэлээ хэлэлцүүлсэн профессор Т.Уранчимэг багш болон зохион байгуулагч проф. Ц.Лувсандорж эрхлэгчтэй МБУС-ийн Дидактикийн тэнхимийн эрдэмтэн багш нарт гүн талархал илэрхийлж, ажлын улам их амжилт хүсье.