ДУТС Сургалт-туршилтын шинэ лабораториудаа танилцууллаа

Дүрслэх урлаг, технологийн сургуулиас МУБИС-ийн 70 жилийн ойн хүрээнд ДУТС-ийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг 2021-11-24 нд зохион байгуулж өдөрлөгт МУБИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, төвийн эрхлэгч нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Өдөрлөгийн үеэр төвийн эрхлэгч МУГБ, профессор Л.Цэрэнсодном төвийн танилцуулга болон үйл ажиллагаа, тохижилт шинэчлэлт, техникийн талаар товч танилцуулга хийж улмаар шинээр өргөтгөж, шинэчилсэн лаборатори, урлангуудаа танилцуулав. 2008 онд анх мод, метал боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй Турк улсын Боловсролын Яамны дэмжлэгтэйгээр байгуулагдаж байсан тус төв нь ЕБС, цэцэрлэгийн ширээ, сандал, тавилгуудыг стандарт тогтоон шаардлагын дагуу захиалгаар хийж ирсэн ба өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь өргөжин тэлж, цэвэр модоор төрөл бүрийн эдлэл, бүтээгдэхүүнийг өөрсдийн зураг төсөл, судалгаанд үндэслэн хийж байгаа юм. МУБИС-ийн сүүлийн үеийн ашиглалтанд орсон байрууд болон бүрэлдэхүүн сургуулиудын тавилга, модон болон бусад олон төрлийн эдлэлүүд, бүтээгдэхүүнийг хямд зардлаар чанарын өндөр түвшин гүйцэтгэж байгаа нь сургуулийнхаа санхүүд хэмнэлттэй чухал ач холбогдолтой байгаа талаар өдөрлөгт оролцсон удирдах ажилтнууд онцлон тэмдэглэв. Өдөрлөгийн үеэр зочид 70 жилийг ойг угтан шинээр тохижигдон ашиглалтад ороод байгаа: ДУТС-ийн сургалт-туршилтын лабораториуд: 

- Зөөлөн хийц, оёдлын урлан

- Хавтан хийцийн урлан

- Мод боловсруулах технологийн урлан 

- Металл боловсруулах технологийн урлантай тус тус танилцаж сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж төвийн талаар Олон улсад өрсөлдөх чадвар бүхий өндөр үр ашигтай байх боломж байгааг тэмдэглэв. Ингээд ДУТС-ийн нийт хамт олон болон Сургалт-үйлдвэрлэлийн төвийн бүтээлч хамт олонд түүхт 70 жилийн ойн мэндийг дэвшүүлж ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.