"Юань улсын судар" 4 боть номын нээлт боллоо

НХУС-ийн Түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаачид "ЮАНЬ УЛСЫН СУДАР" 4 боть номын нээлтээ 2021-05-31 нд МУБИС-ийн А200 танхимд хийж, номын дээжээсээ хүрэлцэн ирсэн зочдод өргөн барьж гардуулан өглөө. Номын нээлтэд МУБИС, МУИС, ШУА-ийн болон түүх судлаач эрдэмтэн багш, судлаачид хүрэлцэн ирж оролцов. 1370 онд Хятад хэлээр бичсэн тус эх сурвалж буюу "Юань улсын судар"-ыг 1928 онд нэрт нангиадач Ч.Дэмчигдорж (Дандаа чинсан) Монгол хэлнээ орчуулсан байна. Тус орчуулгын 1-69 дүгээр ботийг Монгол бичгээс Крилл бичигт хөрвүүлж, хятад эхтэй нь тулган тайлбар сэлт үйлдсэн судалгааны ажлыг ийнхүү 4 боть болгон МУБИС-ийн 2021 оны "Захиалгат төсөл"ийн санхүүжилтээр хэвлэн нийтийн хүртээл болгож байгаа нь сайхан үйл хэрэг юм. Ингээд тус судалгааны бүтээл "ЮАНЬ УЛСЫН СУДАР" 4 боть номыг эрхлэн хэвлүүлсэн МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор На.Сүхбаатар, редактораар ажилласан МУИС-ийн эрдэмтэн багш Б.Түвшинтөгс, Крилл бичигт хөрвүүлж, хятад эхтэй нь харгуулан удиртгал бичиж, тайлбар, зүүлт хийсэн НХУС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор Д.Идэр багш болон хамтран ажилласан бүх эрдэмтэн судлаач нарт гүн талархал илэрхийлэн халуун баяр хүргэж, улам их амжилт хүсье. Номын цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай.