“ДИЖИТАЛ ҮЕИЙН МОНГОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхим, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран багш бэлтгэх их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ”Дижитал үеийн монгол хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдвийн хүрээнд  2022 оны 11-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа.  

       Бага хурлын нэгдүгээр шатанд  МУБИС, МУИС, ИЗОУИС (Их засаг олон улсын их сургууль), Мандах их сургууль, ДХИС (Дотоод хэргийн их сургууль), Идэр их сургууль зэрэг зургаан их сургуулийн 93 оюутны 50 илтгэл ирснээс, 24 илтгэлийг шалгаруулан, хоёрдугаар шатанд хэлэлцлээ. Эдгээрээс шилдэг 14 илтгэлийг үндсэн хуралдаанд сонсож хэлэлцэн, удаахь арван дөрвийг ханын илтгэлийн хэлбэрээр танилцсан юм.

БСС-ийн БСАЗ тэнхмийн эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн баг илтгэлүүдийг шүүн үнэлж, тэргүүн, дэд, гутгаар байранд гурван илтгэгч, тусгай байранд дөрвөн илтгэлийг тус тус шалгарууллаа.

Тэргүүн байрыг “Өсвөр үеийнхний фейсбүүкийн хэрэглээ, өнөөгийн байдал” хамтын илтгэлээрээ МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 2-р дамжааны оюутан С.Сэлэнгэсайхан, Э.Болортунгалаг, Ц.Наранцэцэг нар эзэлж, өргөмжлөл 300, 000 төгрөгөөр шагнуулав. МУИС-ийн НУС-ийн БСС (Боловсрол, сэтгэл судлал)-ын 3-р дамжааны оюутан Д.Мөнхжаргал, Б.Сарангэрэл, Б.Мягмарсүрэн нар “Суралцагчийн сэтгэлзүйн эрүүл мэндэд богино видео контентын үзүүлэх нөлөөг судалсан нь” илтгэлээрээ хоёрдугаар байранд шалгарч өргөмжлөл, 200,000 төгрөгөөр шагнууллаа. Гуравдугаар байранд МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 2-р дамжааны оюутан А.Хонгорзул  “Сургуулийн өмнөх насны хүүхдийн гар утасны тоглоомоор тоглонгоо суралцаж буй байдалд хийсэн судалгаа” илтгэлээрээ шалгарч өргөмжлөл, 100, 000 төгрөгийн шагнал хүртэв.

МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 2-р дамжааны оюутан Д.Мөнхтуяа, Б.Цэвэлмаа, М.Хандмаа нар “Монгол хүүхдийн сэтгэлзүйн сайн сайхан байдал”, МУИС-ийн НУС-ийн БСС-ийн 3-р дамжааны оюутан Б.Бүжинлхам, О.Анужин, Э.Жаргал нар “Сурагчдын хамтач зан үйлийг сурлагын дүнтэй харьцуулан судалсан нь” илтгэлээрээ, МУБИС-ийн СӨБС-ийн 4-р дамжааны оюутан Л.Энхмаа “Суралцагсдын суралцахуйд тохиолдож байгаа сорилт, бэрхшээлийг илрүүлж туслах нь” ханын илтгэлээр, МУИС-ийн математикийн 4-р дамжааны оюутан А.Дэлгэрхишиг, Б.Удвал, Т.Янжинлхам нар “Математикийн хичээлийн сургалтад Граслабле Мат программыг ашигласан судалгаат хичээл” сэдэвт ханын илтгэлээрээ тусгай байр эзэлж, өргөмжлөл, БХАН-ийн нэрэмжит шагналыг хүртэцгээв.   

Оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжиж, өргөнөөр оролцуулсан МУБИС-ийн БСС, МБУС, НХУС, СӨБС, БС, Архангай дахь Багшийн сургууль, МУИС, ИЗОУИС, ДХИС, Мандах их сургуулийн захиргаа, эрдэмтэн багш нарт талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.