Төгсөгчид 20 жилийн дараа төрөлх сургууль дээрээ хүрэлцэн ирэв

МУБИС-ийн НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн 2002 оны төгсөгчид 20 жилийн дараа төрөлх сургууль дээрээ хүрэлцэн ирж анги танхимаараа орон эрдэмтэн багш нартайгаа уулзаж оюутан цагаа дурсан баяр хөөртэй нэгэн өдрийг өндөрлүүлэв. Тэд 1998-2002 оны Утга зохиол, түүхийн ангийн Г.Ганболд даргатай, Утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн Л.Моломжамц даргатай ангийн төгсөгчид бөгөөд төгсөгчид маань мэргэжлээрээ болон хувийн хэвшил, төр захиргааны байгууллагад амжилттай ажиллан МУБИС төгсөгчийнхөө нэр хүндийг өндөрт өргөн яваа нь бахархалтай байна. Тухайлбал тус хамт олноос: Их, дээд болон ЕБС, СӨБС-ийн багш, ажилтан, удирдлагаас гадна Засгийн газрийн хэрэгжүүлэгч агентлагийн газрын дарга, Эрдэнэт хотын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга, МҮОНТ-ийн редактор, Монголын радиогийн редактор, "People" сэтгүүлийн эрхлэгч, УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга, Барилгын салбарын тэргүүнүүд, түүнчлэн БОЛОР ЦОМ-ын эзэн ч төрж амжжээ. МУБИС-ийн Утга зохиол, Түүх, Сэтгүүл, Монгол хэлний олон сайхан эрдэмтэн багш нараараа хичээл ном заалган амжилттай явж байгаадаа баярлаж байдагаа хэлж профессор багш Ц.Өнөрбаян, Ж.Батбаатар, С.Хөвсгөл, Д.Оюунбадрах, С.Энхбаяр, Р.Чүлтэмсүрэн, Д.Энхээ, С.Амартүвшин, Түүхийн тэнхимийн эрдэмтэн П.Лхагвасүрэн, Я.Шийлэгмаа, Л.Ганцэцэг, Д.Гантулга, Э.Тамир нартаа гүн талархал илэрхийлсэн юм. Ингээд НХУС-ийн Утга зохиол, түүх болон Утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн ангийн хүндэт төгсөгчдөдөө 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргалыг нийт хамт олон, эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид, ахмадуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.